Мэдээ мэдээлэл

Сүм Хятадын Хонконг ариун сүмийн засварын талаар дэлгэрэнгүй мэдээллээ

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Хятадын Хонконг ариун сүмд хийхээр төлөвлөсөн засварын ажил, барилгын зураг төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ.

 

Уг ариун сүмийг 2019 оны 7-р сарын 8-ны өдөр хааж, механик, цахилгаан, дулаан, сантехникийн томоохон засвар хийхээр болсон бөгөөд 2022 он хүртэл буюу олон нийтэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийн дараа дахин онцгойлон адислах хүртэл хаалттай байх болно.

“Энэ ариун сүм Азийн бүс дэх Сүмийн гишүүдэд 20 гаруй жилийн турш үнэнчээр үйлчилсэн” хэмээн Сүмийн тусгай төслийн албаны гүйцэтгэх захирал Брэнт Робэртс хэлээд, “Бүх барилгын адил ариун сүмийн барилга бүхэлдээ хуучирч, муудсан тул шинэчилж, засварлах шаардлага гарсан. Ирэх гурван жилийн турш Их Эзэний энэ сайхан өргөөг илүү үзэсгэлэнтэй сайхан болгож, шинэчлэн засварлах болно” гэлээ.

Таван давхар сүмийн гаднах чулуун хана, зарим цонхыг сольж, ариун сүмд орох хүмүүст илүү тав тухтай байх боломж бүрдүүлэхийн тулд өрөөнүүдийн зохион байгуулалтыг өөрчлөх болно. Тухайлбал, цуглааны байраар ашиглаж байсан нэг давхрыг ариун сүмийн үйл ажиллагаанд зориулан засварлах ажээ.

Мөн барилгын ажилчид барилгын ус, чийгийн хамгаалалтыг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэнэ. Ариун сүмийн зочдод ойр дотно мэдрэмж төрүүлэх дорнын өнгө аястай урлагийн бүтээл бүхий шинэ шилнүүдийг суулгаж, шинэ зураг чимэглэл, тавилга нэмж байрлуулах ба гадна талбайн тохижилтыг шинэчилж, ариун сүмийн одоо байгаа шовх оройг буулгана.

“Эдгээр засвар шинэчлэлт нь энэ гайхамшигт ариун сүмийн гоо үзэмжийг улам сайжруулах болно. Манай архитекторууд энэ барилгын бүтцийг хадгалж хамгаалан, бат бөх болгохоор зураг төслийг нягт нямбай гарган, орон нутгийн гэрээт гүйцэтгэгчид тэрхүү зураг төслийг хэрэгжүүлэхээр ирэх гурван жилийн турш ажиллана” хэмээн төслийн ахлах менежер Марк Бэрри хэлэв.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчөөр 1995-2008 онд үйлчилсэн Гордон Б.Хинкли Хятадын Хонконг ариун сүмийг 1996 оны 5-р сарын 26-нд онцгойлон адисалсан. Тус ариун сүм нь Хятад, Сингапур, Монгол болон Азийн бусад орны хожмын үеийн гэгээнтнүүдэд үйлчилдэг.

Хятадын Хонконг арлын гадасны ерөнхийлөгч Воллас Лайм: “Уг ариун сүм нь гишүүд хотын бүх хэсгээс нийтийн тээврээр нэг цагийн дотор явж очих боломжтой төвийн бүсэд байрладаг тул Хонконг дахь Сүмийн зүрх нь билээ. Энд гишүүд амьдралынхаа хамгийн баяр хөөртэй үйл явдлуудыг тэмдэглэхээс гадна амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад туслах тайтгарал, хоргодох газар, тусламжийг болон хамгийн чухал нь сүнслэг мэдрэмж, илчлэлтийг эрэлхийлсээр ирсэн. Засварт орохоор түр хугацаанд хаагдаж байгаад нь Ази тив даяарх итгэлтэй бөгөөд ариун сүмд орох хүмүүсийн өмнөөс харамсаж байгаа ч тун удахгүй нээгдэх Их Эзэний өргөөний доторх чамин тансаг байдал, баяр баясгаланг төсөөлөн бодоход, шинэчлэгдсэн ариун сүм ирээдүйд үлэмж их баяр баясал, итгэл найдварыг  тэдэнд авчирна” гэж хэлсэн.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.