Мэдээ мэдээлэл

Христийн амилсны баярын найрал дууны тоглолт боллоо

Тоглолт 2024 оны 3 дүгээр сарын 30-нд Улаанбаатар Баруун Гадасны байранд заал дүүрэн үзэгчидтэй сайхан болж өндөрлөлөө.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Улаанбаатар Баруун Гадас, Улаанбаатар Зүүн Гадас, Монгол Улаанбаатар Номлолын хамтран зохион байгуулсан Христийн амилсны баярын найрал дууны тоглолт 2024 оны 3 дүгээр сарын 30-нд Улаанбаатар Баруун Гадасны байранд заал дүүрэн үзэгчидтэй сайхан болж өндөрлөлөө.

© 2024 by Intellectual Reserve, Inc. All rights reserved.
Download Photo

Уг тоглолтын үеэр олон гайхалтай үзүүлбэрүүд толилуулагдсаны дунд “Христэд Ирэгтун” дууг дуулах үед үзэгчдийн дундаас гишүүд болон номлогчид босон нийтээрээ хоршиж дуулсан нь тэнд ирсэн хүмүүст гэнэтийн бөгөөд сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа.

Тоглолтын төгсгөлд Улаанбаатар Зүүн Гадасны Ерөнхийлөгч Н.Адьяаболд, “Христийн загалмай дээрх тэр их зовлонг бид мэдрэх боломжгүй ч бид Түүний сургаалыг дагаж үүний дагуу амьдрахыг хичээх үед Түүний бидний төлөөх хайрыг мэдрэх боломжтой байдаг” хэмээн хуваалцсан нь Христийн амилсны баярын утга учрыг ойлгуулсан мөн Түүний талаар илүү ихийг сурч мэдэх хүслийг өдөөсөн захиас байсан юм. 

Христийн шашинтай хүмүүсийн хувьд хамгийн чухал баяруудын нэг нь Христийн амилсны баяр (Easter) бөгөөд Аврагч Есүс Христ цагаатгалаа гүйцэлдүүлж, цовдлогдон нас бараад гурав хоногийн дараа амилсныг болон Түүний амилалтаар дамжин дэлхий дээр амьдарсан, амьдарч байгаа болон амьдрах бүх хүн төгс биетэйгээр үхлээс амилах боломжтой болсныг тэмдэглэдэг Христийн шашинтнуудын баяр юм.  

Мормоны номын Mозая 15:19-20 шүлэгт “Учир нь өөрийн хүмүүсийн төлөө түүний хийсэн, дэлхийн үүслээс бэлтгэгдсэн тэрхүү гэтэлгэл үгүй байсан аваас, … бүх хүн төрөлхтөн мөхөх ёстой байсан бөлгөө. Гэвч болгоогтун, үхлийн хүлээс тасчигдах болно, мөн Хүү хаанчилна, мөн үхэгсдийн дээр хүчтэй байх буюу; тиймийн тул, тэрээр үхэгсдийн амилуулалтыг улируулан тохиолгох бөлгөө” гэсэн байдаг.

Тиймээс энэ нь Христээр дамжуулан хүн бүр баяр баясгалантай байж чадах тухай баяр юм. Түүний ачаар бид наманчилж, нүглүүд маань уучлагдсан амьдралаа шинээр эхлүүлж чадна. Мөн Түүний амилалтаар дамжуулан бид Бурхан болон өөрсдийн хайртай хүмүүстэйгээ үүрд хамт амьдарч чадна. Бид ирээдүйгээ итгэл найдвараар харж чадна.

Христийн амилсны баяр жил бүр өөр өөр өдөр тохиодог бөгөөд ихэвчлэн 3-р сарын сүүл, 4-р сарын эхэнд таардаг бол энэ жил 3-р сарын 31-нд тохиож байгаа билээ.

Та бүхэнд Христийн амилсны баярын мэндийг хүргэе!

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.