Мэдээ мэдээлэл

Монголд хөгжиж буй Сүм одоо Азийн Хойд бүсэд харьяалагдах боллоо

 

Монголд “Сайн байна уу?” гэж мэндчилдэг. Монгол улс дахь Сүм 2019 оны 8-р сарын 1-ээс эхлэн Азийн Хойд бүсэд харьяалагдаж эхлэх болсон тул тус бүсийн, ялангуяа Солонгос, Япон, Гуамын гишүүд энэ мэндчилгээг олонтоо сонсож, танил дотно болох болно.

6-р сарын 28-нд Азийн Хойд бүсийн болон Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн Монголын харьяалагдах болсон бүс, хил хязгаарын өөрчлөлтийн талаар мэдэгдэл хийж, албан ёсны захидлыг бүх санваарын удирдагчдадаа илгээжээ. Энэхүү өөрчлөлтийн зорилго нь “Монголыг Азийн Хойд бүсийн бусад хэсэгтэй нэгтгэж, Монголд өсөн хөгжиж буй Сүмд илүү их дэмжлэг туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино”1 .

Монголд хөгжиж буй Сүм

Монгол дахь Сүм харьцангуй залуу юм. 1990-ээд оны эхээр явагдсан улс төр, эдийн засгийн шинэчлэлт энэ улс оронд шашны эрх чөлөөг авчирсан ба 1992 онд зургаан номлогч хос Монгол улсын нийслэл Улаанбаатарт хүрэлцэн иржээ. Тэд тухайн улсын дээд боловсролын хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, энэ ард түмэнд Сүмийг танилцуулсан. 1995 оны 7-р сард Монголд анхны номлол зохион байгуулагдсан ба анхны цуглааны байрыг 1999 онд онцгойлон адисалжээ.[1]

2011 оны 5-р сард Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Улаанбаатарт зочлон ирж, төр, засгийн газрын төлөөлөгчид болон номлогчидтой мөн Сүмийн гишүүдтэй уулзжээ. Ахлагч Холланд Улаанбаатар номлолын 100 гаруй номлогчтой уулзахдаа сүнсээр өдөөгдсөн захиасыг өгч, “Ямар асуудал байхаас үл хамааран амьдралын бүх асуултын хариулт нь … Есүс Христийн Цагаатгалд— Есүс Христийн сургаал, Христийн сайн мэдээнд байдаг. Хэрэв та нар үүнд итгэдэг бол өөрсдийнхөө түүхийг … болон Монголын түүхийг мөн дэлхийн түүхийг өөрчилнө” гэж хэлсэн. Ахлагч Холланд гадасны онцгой чуулган дээр санваартнуудыг “санваарын үүрэг хариуцлагаа биелүүлэхэд” уриалан дуудаад,  хэрэв “хийж гүйцэтгэх юм бол улс орныг нь санваарын хүч өөрчлөх болно”[2] гэж амласан билээ.

Өнөөдөр Монголыг хамарсан 1 номлол, 2 гадас, 1 дүүргийн 24 тойрог, салбарт 12000 орчим гишүүн бий.[3] Монгол улс ойролцоогоор 3 сая 100 мянган хүн амтай бөгөөд нэг эмэгтэйд оногдох хүүхдийн тоо 2,5 байгаа тул хүн амын тоо харьцангуй хурдан өсөж байгаа гэсэн үг. Ахлагч Холландын сүнсээр өдөөгдсөн амлалтад дурдсанаар, нийгэмд гарч буй өөрчлөлттэй зэрэгцэн Монгол дахь Сүм өсөж хөгжсөөр байна.

Ахлагч Юн Хуан Чэй эхнэртэйгээ хамт Монголын өсөж буй залуу үеийнхэнтэй уулзав

Азийн Хойд бүсийн ерөнхийлөгч ахлагч Юн Хуан Чэй болон түүний эхнэр Бон Кьюнг [Ку] Чэй 7-р сарын 3-ны лхагва гарагт Монголд айлчлан ирэв. Хүрэлцэн ирсэн даруйд ахлагч Чэй, Чэй эгч хоёр эхлээд Монголын өсөж буй залуу үеийнхэнтэй уулзсан юм. Нисэх онгоцны буудлаас тэд хоёр цаг гаруй автомашинаар явж, Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө (ЗБББТ) чуулган явагдаж байгаа Олон Улсын Хүүхдийн Төв (ОУХТ)-ийн зусланд хүрэлцэн ирэв. Ахлагч Чэй, Чэй эгч хоёр тэнд цугларсан өсвөр үеийнхэнд хандан үг хэлж, тэдэнтэй цагийг хамт өнгөрүүлэхдээ өөрсдийн хайрыг илэрхийлж, тэдэнд тохинууллаа.

Монголын өсвөр үеийнхэн ахлагч Чэй, Чэй эгч хоёрыг халуун дотно хүлээн авч, талархлаа илэрхийлэв. Сансар тойргоос ЗБББТ чуулганд оролцсон залуу эмэгтэй Есүй ахлагч Чэй, Чэй эгч хоёрт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн захидал бичжээ.

 “Сайн байна уу? Миний нэрийг Есүй гэдэг. Би Сансар тойргоос ирсэн. Та хоёрыг тэр хол газраас энд ирж, бидэнд хайраа үзүүлж, маш сайхан үг хэлсэнд талархаж байгаагаа илэрхийлэхдээ би баяртай байна.” Есүй захидлаа ийнхүү эхлүүлээд, цааш нь ариун сүмд талархаж явдгаа, ариун сүмтэй болох гэсэн хүслээ, ариун сүмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж явдгаа илэрхийлжээ. Монгол одоогоор хараахан ариун сүмгүй байгаа тул Монголын гэгээнтнүүд ариун сүмийн ёслолыг хүлээн авахын тулд өөр улс орон руу аялах шаардлагатай болдог. Есүй гэр бүлийнхэнтэйгээ мөнхөд лацдан холбуулахын тулд Японы Токио ариун сүмд очжээ.

“Манай гэр бүл Токио ариун сүмд лацдан холбуулсан. Энэ нь миний амьдралын хамгийн сайхан үйл явдлуудын нэг байсан. Монголчууд маань ариун сүмд орж, Бурханы хайрыг мэдрэх боломжтой болоосой гэж би хүсдэг. Монголд ариун сүм бариулахын тулд та шаргуу хөдөлмөрлөнө гэж хэлсэн. Та мөн биднийг өөрөөс тань илүү сайн гэж хэлсэн. Хэрэв бид үнэхээр танаас сайн, ухаантай юм бол бид танаас ИЛҮҮ ИХ ХӨДӨЛМӨРЛӨЖ ажиллах ёстой юм байна.

 Бид танаас олон зүйлийг сурч мэдсэн бөгөөд одоо танаас асар их урам  зориг хүлээн авлаа. Өсвөр үеийнхэн бид чадах бүхнээ хийж, өмнөхөөсөө илүү шаргуу хөдөлмөрлөх болно гэдгээ амлаж байна. Та бас бидэнд тусална, Бурхан ч бидэнд үргэлж туслах болно гэдгийг би мэднэ.”[4]

Монголын гэгээнтнүүдийн итгэл, үнэнч байдал Азийн Хойд бүсийн бусад улс орны гэгээнтнүүдэд сүнслэг өдөөлт, үлгэр дуурайлын шинэ эх сурвалж болоод байна. Сүмийн түүхийг бүтээхийн тулд Монголын гэгээнтнүүдийн гаргасан золиос, сүсэг бишрэл өөрсдийнхөө Сүмийн түүхийг бичиж байгаа бусад улс орны гишүүдэд анхдагчдыг нь санагдуулж, амлалтаа шинэчлэхэд нь тэднийг урамшуулан дэмжиж байгаа билээ.

Монголын Сүм  одоо Азийн Хойд бүсийн гэр бүлийн нэгээхэн хэсэг болсон бөгөөд бид сүнслэг эв эеийг эрхэмлэн, мөр зэрэгцэн хамтдаа урагш алхах болно. Азийн Хойд бүсийн гэгээнтнүүд газар нутгийн хувьд өргөжин тэлэхийн зэрэгцээ сүнслэг эв нэгдлээ улам бүр өсгөн нэмэгдүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Эшлэл


[4] Азийн Хойд бүсийн ерөнхийлөгч, ахлагч Чэй болон Чэй эгчид бичсэн Есүйгийн захианаас эш татав.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.