Ерөнхийлөгч Томас С.Монсон 90 насандаа таалал төгсөв

Мэдээ мэдээлэл
                     

Ерөнхийлөгч Монсон 2008 оны 2-р сараас хойш Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн бөгөөд бидэнд үйлчлэл, сайн үйлсийн өвөө үлдээсэн юм. Сүмийн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга ерөнхийлөгч Монсоны залгамжлагчийг оршуулгын ёслолын дараа албан ёсоор сонгоно.

Ерөнхийлөгч Монсон Сүмийн дэлхий даяарх 16 сая гаруй гишүүнд Есүс Христийг дагахын үлгэр жишээ болж байсан.

                   

“Тэр дэлхийн өөр өөр соёлыг хайрлаж, гүнээ хүндэлдэг, ялангуяа хүмүүсийн шүтлэг бишрэлийг хүндэлдэг байсан” хэмээн Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Хэнри Б.Айринг хэлсэн.

Тэрээр амьдралынхаа туршид Сүмийн удирдах чухал албанд үйлчлэхийн зэрэгцээ гэр орон, эмнэлэг, халамжийн төвүүдэд олон мянган хүнд тохинуулж байсан. “Шийдэх ёстой асуудлаа хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч дээгүүр бүү тавь” хэмээн ерөнхийлөгч Монсон заасан юм.

“Түүний амьдралыг харахад тэр хэнтэй ч ойртож дотносох боломжтой, хэн ч дэргэд нь тайван байж болох тийм л Сүмийн гишүүн байсан бөгөөд хаад, ерөнхий сайд, ерөнхийлөгчид, улс орны төлөөлөгчидтэй уулзаж байхдаа ч тийм л байдаг байсан. Тэр бүх хүнд найз нь мэт санагддаг байсан юм” хэмээн Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф хэлжээ.

Түүнийг ерөнхийлөгчөөр үйлчилж байх хугацаанд Сүмийн гишүүнчлэлийн тоо 13 саяас 16 сая болж өссөн бөгөөд дэлхий даяар хэдэн арван шинэ ариун сүм зарлагдаж, онцгойлон адислагдсан билээ.

Ерөнхийлөгч Айринг “Тэр өөрийгөө ариун сүмийг баригч агуу нэгэн хэмээн хэзээ ч бодож байгаагүй. Харин тэрээр бүх газар ариун сүмтэй байх адислалыг олж харсан нэгэн байсан бөгөөд хүмүүсийг тэрхүү адислалыг хүртээсэй хэмээн хүссэн юм” хэмээжээ.

2012 оны 10-р сард ерөнхийлөгч Монсон номлогчдод тавигдах насны хязгаарын өөрчлөлтийг зарласан бөгөөд үүний үр дүнд хэдэн арван мянган номлогч дэлхий даяар номлолд үйлчилж, олон сая хүний амьдралд нөлөөлсөн юм.

    

Ерөнхийлөгч Монсон Сүмийн үйлчлэлд амьдралаа зориулсан. Тэрээр ерөнхийлөгч Гордон Б.Хинклиг насан эцэслэсний дараа 2008 оны 2-р сарын 3-нд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 16 дахь ерөнхийлөгч болжээ. Энэ үйл явдлаас өмнө тэрээр 22 жилийн турш Сүмийн ерөнхийлөгчдийн удирдлаган доор Тэргүүн Зөвлөлд үйлчилсэн юм.

“Тэр ганц хүнийг ч гэсэн аврахад санаа тавьдаг байв.  Тэр мөн дэлхий даяар явж байхдаа хувь хүнд хүрч үйлчлэх боломжуудыг эрэлхийлдэг байсан” хэмээн Тэргүүн Зөвлөлд ерөнхийлөгч Монсоны хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Угдорф хэлжээ.

“Томас С.Монсон Тэргүүн Зөвлөлд ирснийхээ дараа тэр байтугай бошиглогч болсныхоо дараа ч бусдад хүрч туслах тал дээр хурдаа огтхон ч сааруулаагүй төдийгүй үйлчлэх хэв маягаа өчүүхэн ч болтугай өөрчилж байсныг би санахгүй байна.

Энэ нь түүний амьдралын хэв маяг байсаар байгаад зогсохгүй, урьд нь ч тийм л байсан” хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэлсэн юм.

Томас С.Монсон 1963 оны 10-р сарын 4-нд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дэмжин батлагдсан бөгөөд 1963 оны 10-р сарын 10-нд 36 насандаа төлөөлөгчөөр томилогдсон. Тэрээр мөн 1959-өөс 1962 онд Онтариогийн Торонтод удирдлагын төв нь байрладаг Сүмийн Канад дахь Номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Үүнээс өмнө тэрээр Ютагийн Солт Лэйк Сити дэх Ариун сүмийн Вийв гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд мөн уг гадасны 6, 7-р тойрогт бишопоор үйлчилж байв.

Томас С.Монсон 1927 оны 8-р сарын 21-нд Солт Лэйк Ситид Г.Спэнсэр, Гладис Кондий Монсон нарын гэр бүлд мэндэлжээ. Тэрээр Солт Лэйк Ситигийн улсын сургуульд элсэн орсон бөгөөд 1948 онд Ютагийн Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэйгээр нэр хүндтэй төгссөн байна. Тэр мөн Ютагийн Их Сургуулийн харьяа Бизнесийн коллежийн факультетийн гишүүнээр үйлчилж мөн ажиллаж байсан. Хожим нь Бригам Янгийн Их Сургуулиас магистрийн зэрэг гардан авсан юм. 1981 оны 4-р сард Бригам Янгийн Их Сургууль түүнд Онорис коса (honoris causa) хэмээх хуулийн докторын зэрэг олгожээ. Мөн 1996 оны 6-р сард Солт Лэйк Нийгэмлэгийн Коллежоос түүнд хүмүүнлэгийн ухааны хүндэт доктор цолыг, 2007 оны 5-р сард Ютагийн Их Сургуулиас бизнесийн хүндэт докторын зэргийг тус тус олгосон байна.

Ерөнхийлөгч Монсон Дэлхийн II-р дайны дараахан Нэгдсэн Улсын тэнгисийн цэрэгт алба хаасан. Тэрээр 1948 оны 10-р сарын 7-нд Солт Лэйк ариун сүмд Францис Бэвэрлитэй гэрлэсэн бөгөөд тэд гурван хүүхэд, найман ач, зээ, 11 ачинцар, зээнцэртэй. Францис Монсон 2013 оны 5-р сарын 20-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ерөнхийлөгч Монсон хожим нь эхнэрийнхээ талаар “Эхнэр минь миний амьдралын цорын ганц хайр, хамгийн сайн итгэмжит анд, хамгийн дотны найз минь байсан. Би түүнийгээ үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр санаж байна” хэмээн хэлжээ.

Мэргэжлийн хувьд ерөнхийлөгч Монсон хэвлэлийн салбар дахь ажлаараа олонд танигдсан юм. Тэр 1948 оноос Deseret News-тэй хамтран ажиллаж, тус сонины зар сурталчилгааны хэлтэст болон Сонины холбооны корпорацид удирдах албанд ажиллаж байв. Дараа нь баруун бүсийн хамгийн том арилжааны хэвлэлийн компаниудын нэг болох Deseret News Press-т борлуулалтын менежерээр томилогдож, тэндээ 1963 онд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад дуудагдах хүртлээ ажиллаж байсан юм. Тэрээр олон жилийн турш Deseret News хэвлэлийн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилласан. Ерөнхийлөгч Монсон Ютагийн Хэвлэлийн үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч, Америкийн хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байв.

1969 оноос эхлэн ерөнхийлөгч Монсон Америкийн Хөвгүүдийн Скаутын Холбооны үндэсний төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр үйлчилж байсан. Гайхалтай удирдах чадвар, үйлчлэлийг нь үнэлэн түүнд Скаутын хамгийн дээд шагналыг хүртээжээ. 2016 онд Вест Виржиниагийн Глэн Жийнд байрлах Скаутын барилгад Томас С.Монсоны нэрэмжит Төгс удирдагч цогцолборын суурийг тавьсан байна.

Ерөнхийлөгч Монсон Ютагийн борлуулалтын гүйцэтгэх холбооны болон Солт Лэйкийн арилжаа сурталчилгааны мөн Солт Лэйкийн мэдээлэл солилцооны клубийн гишүүн байсан.

Ерөнхийлөгч Монсон олон жилийн турш Юта мужийн захиргааны эрх баригчдын төлөөлөн удирдах хороонд Юта мужийн дээд боловсрол хариуцсан гишүүнээр үйлчилж байв. Тэр бас Ютагийн Их Сургууль төгсөгчдийн холбоонд алба хашиж байсан.

Ерөнхийлөгч Рональд Рэйган 1981 оны 12-р сард ерөнхийлөгч Монсонг хувийн хэвшлийн санаачилгыг хэрэгжүүлэх ерөнхийлөгчийн ажлын хэсэгт томилсон юм. Тэрээр 1982 оны 12-р сар хүртэл буюу энэхүү ажлын хэсгийн төслийн хугацаа дуустал ажилласан билээ.

1966 онд ерөнхийлөгч Монсон Юта мужийн Их Сургуулийн шилдэг төгсөгч шагналаар шагнагдсан. Тэр мөн 1971 онд Америкийн Хөвгүүдийн Скаутын Холбооны “Мөнгөн минж” шагналыг, 1978 онд скаутын нэр хүндтэй шагнал болох “Мөнгөн одос” шагналыг, 1993 онд олон улсын скаутын хамгийн дээд шагнал болох “Хүрэл чоно” шагналыг тус тус хүртжээ. 1997 онд Юта мужийн Үндэсний харуул хамгаалалтын газраас “Дайчин” шагналыг мөн Бригам Янгийн Их Сургуулиас “Үлгэр жишээч хүн” шагналыг тус тус хүртсэн байна. 1998 онд тэрээр Монсон эгчийн хамт Ариун Жозеф Виллагийн “Энэрэнгүй эгч нарын хүмүүнлэгийн тасралтгүй тусламжийн шагнал”-аар шагнагдаж байжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.