Сэдэв

Мийдоус уулын хядлага

1857 оны 9-р сарын 11-нд Америкийн индиан холбоотнуудын дэмжүүлсэн өмнөд Юта дахь орон нутгийн 50-60 журамт цэрэг Калифорни руу морин тэргээр аялж байсан 120 орчим цагаач иргэнийг алж хядсан байна. Зөвхөн 6-аас доош насны 17 хүүхдийн амийг хэлтрүүлсэн энэ эмгэнэлт үйл явдал Сийдэр хотоос ойролцоогоор 56 километр зайд, баруун өмнө зүгт байдаг Мийдоус уул нэртэй хөндийд болжээ.

Гэмт хэрэгтнүүд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд байсан учраас сүм алан хядлагаар учруулсан зовлон шаналлыг хөнгөлөх үүднээс асар их хүчин чармайлт гаргасан байна. 1999 онд тухайн үед сүмийн ерөнхийлөгч байсан Гордон Б. Хинкли хохирогчдын үр удамтай нэгдэж, тэрхүү хэрэг болсон газарт хохирогчдод зориулан хөшөө босгов. Түүнээс хойш сүм хөшөөг болон түүний эргэн тойрны газар нутгийг арчилж хамгаалах, цаашид талбайг сайжруулахаа амлаж, хохирогчдын үр удамтай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хожмын үеийн гэгээнтэн удирдагчид үйл явдлын дэлгэрэнгүйг ил тод гаргахыг хичээж, 2007 онд хэвлэгдсэн Мийдоус уулын алан хядлага номын зохиогчдод сүмийн архивыг ашиглах боломж олгосон юм. 2007 оны 9-р сарын 11-нд алан хядлага болсны 150 жилийн ойгоор ерөнхийлөгч Хэнри Б. Айринг ийнхүү хэлжээ:

Хэдийгээр уг номын зохиогчид сүмийн ажилтнууд байсан ч гэсэн редакцийнхаа бүрэн хяналтад байж, цуглуулсан түүхэн материалуудыг бүрэн хамарсан үндсэн цогц хэсгээс дүгнэлтээ хийсэн юм. Тэдэнд сүмд хадгалагдаж байсан холбогдох бүх материалыг ашиглах бүрэн эрх олгогдсон байв. Тэд чухал ач холбогдолтой хоёр дүгнэлт хийсэн нь: (1) цагаачидтай зөрчилдөхгүй байхыг хүссэн Бригам Янгийн дамжуулсан зурвас хугацааны хувьд оройтож ирсэн мөн (2) Мийдоус уулын ойролцоох бүс нутагт байдаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн удирдагчид болох нийтийн болон цэргийн албанд ажилладаг байсан тэдгээр хүмүүст болон тэдний удирдлаган дор ажилласан сүмийн гишүүдэд алан хядлагын хариуцлага оногдоно гэсэн дүгнэлтүүд юм.

Түүхэн дэх ямар ч үйл явдлыг бүрэн дүүрэн мэдэж чадахгүй хэдий ч энэ гурван зохиогчийн ажил нь энэхүү үгээр илэрхийлэхийн аргагүй үйл явдлын тухай бидний мэддэгээс илүү ихийг мэдэх боломжийг бидэнд олгосон. Бидний мэдэж авсан үнэн биднийг туйлын их гуниглахад хүргэсэн юм. Бидний дэмждэг Есүс Христийн сайн мэдээ нь эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдийн амь насыг хүйтэн цуст аллагыг үзэн ядаж, жигшихийг заадаг. Үнэндээ сайн мэдээ бол амар амгалан, уучлал өршөөлийг дэмждэг билээ. Олон жилийн өмнө манай сүмийн гишүүдийн хийсэн энэ хэрэг нь Христэд итгэгчийн сургаал, зан харьцаанаас гадуур бөгөөд аймшигтай, уучилшгүй зүйл юм. Бид болсон явдлыг өөрчилж чадахгүй ч гэсэн амь үрэгдсэн хүмүүсийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлж чадна.

Бид өнөөдөр 150 гаруй жилийн өмнө энэ хөндийд алан хядлагад өртсөн хохирогчдын төлөө болоод дараа нь тэдний хамаатан садны өнөөг хүртэл амссан цаглашгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй зовлон шаналалд гүнээ харамсаж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.