Сэдэв

Иосеф Смит ба сэргээлт

Бага Иосеф Смит нь 1805 оны 12-р сарын 23-нд Шарон Вермонтод Иосеф болон Луси Мак Смитийн хүү болж төрсөн. Тэрээр ядуу тариаланч гэр бүлийн 11 хүүхдээс амьд үлдсэн 9 хүүхдийн тав дахь хүүхэд нь болж төржээ. Түүний гэр бүл үнэтэй нийтийн боловсролыг төлж чадахгүй байсан болохоор Иосеф зөвхөн гурван жилийн ёс төдий боловсрол л олж авсан юм. Тэрээр ах, эгч нарын хамт гэр бүлийн Ариун Библээс гэртээ суралцдаг байжээ.

1820 онд түүний амьдарч байсан Нью Йорк мужид шашин идэвхтэй байр суурь эзэлж байсан үеэр шашны талаар төөрөлдсөн 14 настай Иосеф Шинэ Гэрээнээс нэгэн хэсгийг уншсан бөгөөд энэ нь түүний зүрх сэтгэлийн гүнд ортол хэлсэн гэж тэрээр хожим тэмдэглэлдээ бичжээ. Энэ нь мэргэн ухаанаар дутсан хүмүүс тэнгэрлэг эх сурвалжаас эрэлхийл гэсэн зөвлөмж байсан юм. Иосеф уг зөвлөмжийг дагаж, гэрийнхээ ойролцоох ой модонд хүнгүй газар очоод амьдралдаа анх удаа чангаар залбирчээ.

Дараа нь болсон зүйл нь Иосеф Смитийг үүрд мөнхөд өөрчилж, хожмын үеийн гэгээнтнүүдийн итгэлийн гол зарчим болсон билээ. Бурхан Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн гэж Иосеф тэмдэглэсэн байдаг. “Өөрийнхөө чанх орой дээр нарнаас илүү хурц гэрэлтэй гэрлэн багана над уруу алгуурхан доош бууж ирэхийг би харлаа. Тэрхүү гэрэл дотор тэрээр хоёр хүн харсан — тэдний нэг нь Иосефийг нэрээр нь дуудаад нөгөө рүүгээ зааж “Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс!” гэж хэлсэн юм. Сүмийн гишүүд энэ үзэгдлийг “Анхны үзэгдэл” хэмээн нэрлэдэг. Энэ нь Есүс Христийн сүмийг дэлхий дээр дахин сэргээх ажлыг эхлүүлсэн билээ.

Иосеф Смит Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ-г орчуулснаараа нэрд гарсан байж магадгүй. Иосеф анхны үзэгдлээс хойш хэдэн жилийн дараа Нью Йоркийн Палмирагийн ойролцоох нэгэн толгод руу удирдагдаж, Моронай гэгддэг тэнгэр элчээс эртний цэдгийг хүлээн авсан гэж сүмийн гишүүд итгэдэг. Төмөр ялтас дээр сийлсэн цэдэг нь Христийн цаг үед Америк тивд амьдарч байсан хүмүүсийн болон амилсан Христ тэдэнд үзэгдсэн тухай түүхүүдийг хадгалдаг. Иосеф ялтсуудыг гурван сар орчим хугацаанд орчуулсан бөгөөд үүний үр дүнд 1830 онд Мормоны Ном Нью Йоркт хэвлэгджээ. Мормоны Ном гэх 500 гаруй хуудастай энэ боть нь Иосеф Смитийн агуу хувь нэмрүүдийн нэг нь бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үндсэн судар юм.

Хожмын үеийн гэгээнтнүүд бурханлаг эрх мэдэл нь эртний сүмийн төлөөлөгчдийг нас барсны дараа авагдсан бөгөөд тэнгэрлэг үйл ажиллагаагаар дахин сэргээгдэх шаардлагатай байсан гэж итгэдэг. Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд 19-р зууны эхэн хагаст болсон санваарын сэргээлт нь эрт үед эрх мэдлийг атгаж байсан хүмүүсийн тэнгэрлэг айлчлалаар дамжин ирсэн бодит үйл явдал юм. 

Иосеф Смит таван хамтрагчтайгаа мөн өөр 50 хүний хамт 1830 оны 4-р сарын 6-нд Нью Йоркийн Фейеттед нэгэн дүнзэн байшинд сүмийг албан ёсоор зохион байгуулсан юм. Тэрээр 1844 оны 6-р сарын 27-нд бусдын гарт амь үрэгдэх хүртлээ сүмийг тэргүүлсэн. Түүний удирдлаган дор сүмийн гишүүнчлэл хэдхэн хүнээс 26000 гаруй болтлоо өссөн байна.

Иосеф Смитийн илчлэлтүүд нь тухайн үеийнхээ сүмүүдэд гайхалтай шинэ нээлт, шалгууруудыг авчирсан юм. Тэрээр бүхий л шашны хүмүүсийн төлөө шашин шүтэх эрх чөлөөг хүчтэйгээр дэмждэг байсан юм. Түүний илчлэлтүүд нь нас барагсдын төлөөх авралын ажил хийж болох ариун сүм, тэнгэрийн гурван зэрэглэл болон Бурханы итгэлтэй хүүхдүүдийн дараагийн амьдрал дахь эцсийн хувь тавилангийн тухай зэрэг ойлголтуудыг танилцуулсан. Анхны үзэгдлээр түүнд тохиолдсон явдал нь Бурхан, Есүс Христийн бие махбодын төрөлх байдал болон хүн төрөлхтөн тэдний дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг ойлголтыг хожмын үеийн гэгээнтнүүдэд хүргэсэн юм. Тэрээр Израилийн хожмын үеийн цугларалтын талаар олонтоо бичиж, ярьж, уг цугларалт нь зөвхөн иудейчүүдийн Израил дахь цугларалтыг бус харин Бурханы бүх хүмүүс ариун хоргодох газруудад цугларах тухай заасан. Яагаад мөн юугаараа мормончууд ялгаатай байдаг вэ? гэдгийг мөн үзнэ үү.

Сүмээс гадуур бол Иосеф Смитыг эртний олон эхнэр авах ёсыг танилцуулсан гэж үздэг. Энэ нь одоо сүмд хэрэгжихээ больсон заншил бөгөөд сүмийн гишүүд түүхийн хүрээнд л ярихаас бусдаар бол тэр бүрийд ярилцдаггүй байна.

Дөнгөж жигүүр нь ургаж буй сүмийг удирдаж байсан он жилүүдэд Иосеф олон улсын номлогчийн хөтөлбөрийг зохион байгуулж мөн өнөөдөр дэлхий дээрх хамгийн том эмэгтэйчүүдийн байгууллагуудын нэгийг байгуулсан юм. Тэр гурван хотын барилгыг мөн хоёр ариун сүмийн барилгын ажлыг хянаж, яг тэр үедээ орон нутгийн танхайрагчдын хүчтэй хавчлагыг тэвчиж байсан билээ. Удалгүй Иосефийн суурьшуулсан гурван хотоос сүмийн гишүүд хөөгдсөн юм.

АНУ-ын иргэдийн хувьд сүмийн гишүүдийн шашны болон иргэний эрх нь холбооны засгийн газарт удаа дараа давж заалдахыг нь үгүйсгэж байсан учраас сүмийн удирдагчид 1844 оны 1-р сард Иосеф Смитийг АНУ-ын ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлж байгаагаа зарласан юм. Тавдугаар сар гэхэд Иосеф албан ёсоор Иллинойн Наувугаас хэлэлцээрийн дагуу нэр дэвшиж байсан билээ. Түүний улс төрийн байр суурь нь хавчлаган дор байдаг шашны болон иргэний эрхийн төлөө засгийн газарт өөрчлөлт хийх хэрэгтэйг уриалж байсан юм. Тэр жилийнхээ 6-р сард Иосеф болон түүний ах хоёр танхайрагч бүлгийнхний гарт хөнөөгдсөнөөр Иосефын улс төрийн албан тушаал нь төгсгөл болсон билээ.

Иосеф болон түүний ах Хайрум нар 1844 оны 6-р сарын 27-нд 150-200 хүнтэй танхайрагч бүлгийнхэнд буудуулан нас баржээ. Ах дүү хоёр болон зарим ойр дотны хамтран зүтгэгчид нь хуулийн эрх мэдэлтнүүдэд өөрсдөө бууж өгснийхөө дараа эх орноосоо урвасан гэдэг хилс хэргээр Иллиной мужийн шоронд хоригдож байсан юм. Иосеф 38 настай, Хайрум 44 настай байв. 6-р сарын 28-нд Иосеф, Хайрум хоёрын биеийг гашуудаж буй 10000 орчим хүнд үзүүлэхээр бэлдсэн байсан бөгөөд танхайрагчдын цаашдын дайралт, гутаан доромжлолоос зайлсхийн, дараа өдөр нь нууцаар оршуулсан юм.

1830 онд Иосефийн байгуулсан сүм өнөөдөр 14 гаруй сая гишүүнтэй, дэлхий нийтийн шашин болсон ба Иосеф Смитийг орчин үеийн анхны бошиглогч гэж хожмын үеийн гэгээнтнүүд хүндэтгэдэг. Сүмийг эсэргүүцдэг зарим хүмүүсийн таамагладгийн эсрэгээр сүмийн гишүүд Иосефыг шүтдэггүй. Түүнийг бошиглогчийн хувьд хүндэтгэдэг бөгөөд тэрээр бусад хүмүүсийн л адил алдаа, дутагдалтай хүн байсан юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.